Ер нь бол Эртний Герегийн философид гурван Зенон бий. Таньд танилцуулж байгаа Зенон бол Стоикын Зенон юм. Тэр үеийн Киприйн есөн гол хотын нэг Китиумаас гаралтай, өөрөөр хэлбэл финик хүн байлаа. Тиймээс Китиумын Зенон ч гэнэ.
Түүний Афинд ирж, гүн ухаантан Кратетд шавь орсон түүх их сонин:
Зенон хөлөг онгоцоор будаг тээвэрлэх ажил эрхэлдэг байтал хөлөг нь сүйрчээ. Ингээд ямар нэгэн ажлаар Афинд хүрч. Тэр үед Зенон 30 настай байв. Номын мухлагт ороод Ксенофан, Сократ нарын номыг уншуутаа гайхан дуу алдаж,
-Ийм хүмүүсийг хаанаас олж болох вэ? гэжээ. Яг энэ үед мухлагийн хажуугаар Кратет өнгөрч явсан бөгөөд номын худалдагч түүн рүү заан:
-Тэгвэл түүнийг дагаад яв даа гэжээ. Ийнхүү Зенон философийн замд шударсан гэдэг.
Тэр тун царай муутай, гилжгий, хорчгор туранхай, хэт өндөр, хүрлэгэр бор арьстай, эв хавгүй бүдүүн хөлтэй, сул биетэй, өөрийнхөө гадаад байдлаас ихэд ичдэг байсан гэнэ. Ямагт уруу дорой царайлж явдаг, хүн цугласан газраас дөлдөг, тэр ч байтугай олон хүнд зориулсан урт сандалд суух боллоо л гэхэд нэг талдаа хүнгүй байхын тулд хамгийн захыг сонгодог байжээ.
Зеноны хэлсэн үг бүр маш нарийн, уран ухаантай байлаа. Нэгэн шавь нь лимбийг хамаг хүчээрээ үлээж зогсохыг хараад:
-Хүч чадалд сайн юм байдаг бус, сайн юманд л хүч чадал оршдог гэжээ. Дээр өгүүлсэн хөлөг онгоц живснийг сонсоод:
-Аз гэдэг өөрөө биднийг философи руу түлхэж байгаа нь юун сайхан юм бэ! гэж хэлсэн гэдэг. Ингээд нөхөддөө зоруилан бяцхан боомтны булан худалдаж аваад, засч тохижуулан, тэндээ сургууль нээсэн нь стоицизмын эхлэл болжээ. Стоа буюу боомт гэсэн герег үгнээс гаралтай нэр томьёо л доо. Афинд гадныхныг шоовдорлодог ч Зенон Китиум хотоос ирснээ огт нуудаггүй байв. Түүний эзэмшил газрын багана дээр "Гүн ухаантан Зенон" гэсэн бичиг хадахад тэр "Китиумын" гэж заавал бичихийг шаардаж байжээ.
Стоицизмын ертөнцийг үзэх үзлийг дараахь үндсэн хоёр чиглэлийн хүрээнд авч хэлэлцэх ёстойг тэр тодорхойлсон нь:
1. Бидний эрхшээлд байгаа юмс.
2. Бидний эрх мэдэлд үл харьяалагдах юмс.
Стоицизмыг герегийн философийн урсгал гэмээргүй. Зеноны бүх залгамжлагч ромчууд байсан бөгөөд Македоны Александрын ширээг залгагч байлдан дагуулагчид ч өөрсдийгөө стоикууд хэмээдэг байсан юм. Тэдний гол шүтээн нь Сократ байжээ. Стоикуудын түрүү үеийн онолд Зеноны үгсээс өөр барим тавим зүйл цөөхөн. Харин уг урсгалын жинхэнэ мөн чанарыг энэ тооллын эхний Сенека, Эпиктет, Марк Аврелий нарын номууд илтгэнэ.
Намтарчдынх нь бичсэнээр бол, Зенон яруу найрагт үнэн голоосоо дургүй байжээ. Хүн яруу найраг сонирхоод ирэхээрээ л бодтой мэдлэг олж авахаасаа өнгөрдөг гэдэгт хатуу итгэдэг байв.
Зенон ч тэр, залгамжлагчид нь ч тэр хэн жинхэнэ ухаантан болох, хэн жинхэнэ сэтгэгч байсан тухай ядаж нэг ч удаа яриагүй нь сонин. Зеноны үзэл бодол ерөнхийдөө материалист шинжтэй байсан нь анзаарагддаг. Гэхдээ "Хатуу бодот" зүйлийг л жинхэнэ гэж үздэгийнх нь тоонд "Бурхан", "сэтгэл" зэрэг ойлголт ч багтаж байв.
Түүний үхэл бас ер бусын байсан аж. Нэгэнтээ Зенон юманд бүдрээд газар уначихжээ. Үүнийг бурханы сануулга, тэнгэрийн дуудлага гэж үзээд шууд харьж, амьсгаагаа түгжин, амиа хороосон байна.
Зеноны үг, үзлээс
Философийг амьд амьтантай харьцуулах юм бол:
яс мэдрэл нь логик, мах нь ёс зүй, сэтгэл нь физик юм. Эсвэл өндгөөр
жишиж үзвэл: гадна хальс нь логик, цагаан уураг нь ёс зүй, голын шар нь
физик болно.
Зеноноос нэг удаа асууж л дээ: -За, нэг
сохор, тахир дутуу хүн байжээ гэж бодьё. Тэр хүнд өвчтэй, орох оронгүй,
үр хүүхэдгүй, хоосон ядуу. Тэгээд дээр нь түүнийг эрүүдэн тамлаж байна
гэж саная. Хөөрхий түүнийг чи хараад ямар хүн гэх вэ, Зенон? Зенон
хариуд нь: -Жаргалтай л гэнэ дээ. -Өө бүр жаргалтай гэх хэрэг үү? гэж
лавшруултал Зенон: -Тэгэлгүй яахав, энд чинь яг л төсөөллийн дээд,
мөрөөдлийн чанад дахь сайн сайхны доторхи шиг ямар ч ахих шат, гишгүүр
алга байна шүү дээ. Ариун дээд цогцолсон туйлын сайн сайхны дотор л
ертөнц ийм харьцуулшгүй, өөрчлөгдөшгүй, үргэлж нэг янзаараа байдаг.
Хүний сэтгэл найман хэсгээс бүрдэнэ. Таван
мэдрэхүй: харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх. Зургаа дахь нь дуу
хоолой, долоо дахь нь нөхөн сэргээх, найм дахь нь бусад бүх хэсгийг
зохицуулан эгээ л наймалж тэмтрүүлээ хэрэглэдэг шиг удирдах хэсэг байна.
Байгалийн жам ёсоор амьдарна гэдэг сайн сайхны мөрийн хөтөлбөрөөр аж төрнө гэсэн үг.
Эрх чөлөө гэдэг бол ухаантан мэргэдийн л олж авдаг тэр нөхцөл юм. Бусад бүх хүнд эрх чөлөө хүртээлгүй.
Бардам зангаас илүү ёсон бус зүйл үгүй.
Ямар нэгэн шинжлэх ухааныг эзэмшихэд
онцгойлон зайлсхиймээр зүйл бол өөрийнхөө санааг өндөрт тавих, харин
онцгойлон чухалчилмаар зүйл бол цаг хугацаа.
Сайн зөвлөгөөг итгэж хүлээн авч байгаа нь л бусдаасаа мэргэн.
"Ихийг сонсож, бага ярь" хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан.
No comments:
Post a Comment